Төрийн санхүү хичээлийн лекц

2014-09-24,

Сэдэв-1

Санхүү, түүний судлах зүйл, бүрэлдэхүүн хэсгүүд

төрийн санхүүгийн үндэс

1.    Санхүүгийн мөн чанар, судлах зүйл, бүрэлдэхүүн хэсгүүд

2.    Төрийн  санхүүгийн тухай

1.    Санхүүгийн мөн чанар, судлах зүйл,

бүрэлдэхүүн хэсгүүд

            Эдийн засгийн категоруудын дотроос санхүү нь хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Санхүүгийн тодорхойлолт, мөн чанар, үүргийн талаар олон эрдэмтэд судалж янз бүрийн тодорхойлолт өгч ирсэн. Санхүү нь мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, хуримтлуулах, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг нийгмийн хэрэгцээг хангахад зориулан хуваарилж, ашиглахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн мөнгөн харилцаа юм. Нөгөө талаар мөнгийг удирдах урлаг гэж үздэг.

            Нийгмийн дотор үүсч байгаа эдийн засгийн харилцааг мөнгөн харилцаа, мөнгөн бус харилцаа гэж хувааж үздэг бөгөөд санхүү нь ямагт мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг харуулдаг. Гэхдээ мөнгө санхүү 2-ыг нэг зүйл гэж ойлгож болохгүй. Энэ 2 ойлголт нь хоорондоо ойролцоо боловч бие даасан эдийн засгийн категорууд юм. 

            Санхүү гэдэг үг нь Finis буюу эцэс төгсгөл, бариа гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд эдийн засгийн харилцааны явцад энэ үг нь төлбөрийг барагдуулах, төгсгөлийн тооцоо гэх мэт утгаар хэрэглэгдэж ирсэн. Үүний дараахан Financia гэдэг үг гарч ирсэн бөгөөд энэ нь мөнгөн төлбөр гэдэг утгыг илэрхийлэх болсон. Энэ нэр томъёо нь бүр 16-р зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд 16-р зууны үеэс энэ нэр томъёог өргөн агуулгаар нь төрийн орлого, зарлага гэдэг утгаар хэрэглэх болсон.

            Үүнээс хойш төрийн санхүү буюу Public finance гэдэг нэр томъёо үүсч өргөн дэлгэр хэрэглэгдэх болсон.  

            Санхүү нь дараах гол шинж тэмдгүүдийг агуулж байдаг.

1.    Санхүү нь нийгмийн янз бүрийн субъектуудын хооронд үүсэх мөнгөн харилцааг илэрхийлдэг:

2.    Бүхий л мөнгөн харилцаа нь санхүү болдоггүй, харин төр оршин тогтнох нөхцөл болсон төрийн үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгцээтэй тэр мөнгөн харилцаа нь санхүүгийн харилцаа болно.

3.    Санхүүгийн харилцааны дахин хуваарилалтын шинж чанар нь санхүү ба төрийн хоорондын нягт харилцаа холбоог бий болгох нөхцөл болдог.

4.    Төр өөрийн үүргийг гүйцэтгэх явцдаа мөнгөн хөрөнгийн сан байгуулах замаар мөнгөн харилцааг санхүүгийн харилцаа болгож, тодорхой зориулалт чиглэлтэй ашигладаг.    

2. Төрийн санхүүгийн тухай

            Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн тодорхой үе шатанд төр үүсч бий болсон нь төрийн санхүүгийн систем бүрэлдэн тогтох гол нөхцөл болжээ. Яагаад гэвэл төр үүссэн цагаасаа эхлэн нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээж ирсэн бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд мөнгөн хөрөнгийн тодорхой нөөц зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ мөнгөн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, энэ нөөцөө хэрэгцээт салбарт нь хуваарилах явцад төрийн санхүүгийн харилцаа анх бий болжээ.

            Төрийн санхүү гэдэг нь ард түмний нийгэм соёлын хэрэгцээ, улсыг батлан хамгаалах болон удирдлагын үйл ажиллагааны зардал, түүнчлэн үйлдвэрлэл явуулах хөрөнгийн эх үүсвэрээр хангах зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх, түүнийг ашиглахтай холбогдон үүсч байгаа мөнгөн харилцаануудын нийлбэр цогц юм.

            Энэ харилцаанд оролцогч субъектууд нь нэг талаас төр буюу Засгийн газар, нөгөө талаас ААНБ, иргэд болж байна. Өөрөөр хэлбэл төр нь төрөл бүрийн арга механизмаар дамжуулан санхүүгийн нөөцийг өөрийн мэдэлд хуримтлуулж, ҮНБ ба үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах замаар түүнийг ашиглах явцдаа байгууллага иргэдтэй мөнгөн харилцаанд ордог.

            Энэ нь төр өөрийн үүргээ биелүүлэхийн тулд санхүүгийн нөөцийг хуримтлуулах, хуваарилах замаар улс орны эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг. Энэ утгаараа төрийн санхүү улсын эдийн засгийн бодлогын нэг чухал хэсэг болдог.    

            Төрийн санхүү нь улс орны эдийн засагт дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг.

1.    Мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх

2.    Төрийн мэдэлд төвлөрсөн нөөц хөрөнгийг бүс нутгуудад болон эдийн засгийн салбаруудад хуваарилах

3.    Нөөц хөрөнгийн бүрдүүлэлт болон хуваарилалтанд хяналт тавих  

 

            Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд тус тусдаа бие даасан өвөрмөц үүргүүдийг гүйцэтгэдэг хэд хэдэн салбар орно. Үүнд:

·         Төсөв

·         Улсын зээллэг

·         Тусгай зориулалттай сангууд

·         Төрийн байгууллагуудын санхүү

            - Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсвийн тусламжтайгаар төрөөс хэрэгжүүлэх гол гол хөтөлбөрүүд, батлан хамгаалах болон ард иргэдийн нийгэм соёлын хэрэгцээг хангах олон асуудлыг шийдвэрлэдэг.

Төсвийг удирдлагын түвшингээр нь улсын төсөв, орон нутгийн төсөв гэж ангилдаг.   -  Улсын зээллэг гэж улс орны тодорхой зардлыг санхүүжүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгийг эргүүлж төлөх болзолтойгоор төрийн мэдэлд төвлөрүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Улсын зээллэгийн зээлдэгч нь тухайн улсын Сангийн яам болон орон нутгийн санхүүгийн байгууллагууд байна.

-          Тусгай зориулалттай сан нь бие даасан ажиллагааны үндсэн дээр нийгмийн хэрэгцээг хангах, санхүүгийн нөөцийг ашиглах, дахин хуваарилах үүрэгтэй байгууллага юм. Үүнд нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан зэрэг сангууд орно.Эдгээр сангууд нь улс орны өмнө тулгарсан зөрчил бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгын үүднээс анх үүссэн.

             Гол зорилго нь тусгай зориулалттай арга хэмжээнүүдийг санхүүгийн болон бусад эх үүсвэрээр хангахад чиглэгддэг.

            Тусгай зориулалттай сангуудын тусламжтайгаар төр дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.

1.   Байгууллагуудад зээл, санхүүжилт олгох замаар үйлдвэрлэлийг дэмжих

2.   Байгаль орчныг бохирдуулсны төлөө төлөх торгууль болон бусад эх үүсвэрийн тусламжтайгаар байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх

3.   Тэтгэвэр тэтгэмж, мөнгөн тусламж, санхүүжилт олгох замаар нийгмийн эмзэг хэсэгт үйлчилгээ үзүүлэх болон бусад.

            -  Төрийн байгууллагуудын санхүү нь хувийн секторын санхүүгээс нилээд ялгаатай байдаг. Учир нь тэдгээрийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, зорилго нь өөр өөр юм. Төрийн байгууллагууд нь улсын орлогыг удирдах, нийт ард түмний хэрэгцээг хангах, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой учраас ашгийн төлөө бус байх бөгөөд мөн орлогын ихэнх хэсгийг төсвийн хөрөнгө бүрдүүлдэг.   

            Энэ бүгдээс дүгнэвэл:

            Санхүү гэдэг нь мөнгө биш, харин төр өөрийн үүргийг гүйцэтгэх явцад үүсч буй мөнгөн орлогын сан бүрдүүлэх түүнийг хэрэглэж ашиглах харилцаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэдэв-2

Төрийн санхүүгийн бодлого

Макро эдийн засгийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн бодлого юм.

Санхүүгийн бодлого нь дараах хэд хэдэн чиглэлээр явагдаж байдаг.

1.     Албан татварын бодлого

2.     Төсвийн бодлого

3.     Мөнгө, зээлийн бодлого

4.     Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлтийн бодлого

5.     Хөрөнгө оруулалтын шинэчлэлт

6.     Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт

Эдгээр санхүүгийн бодлогуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч явуулах шаардлагатай.

- Нийгмийн хамгааллын салбарт зөрчлийг бууруулах

- Санхүүгийн харилцааг эрүүлжүүлэх

- Банкны системийн эрүүл тогтолцоог бүрдүүлэх

- Таваар - мөнгөний тэнцвэрийг хангах

-  Бүс нутгийн хүрээнд санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг өргөтгөх

-  Улс төр, эдийн засгийн хүрээнд хууль бус бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоох

Төрийн санхүүгийн бодлого нь орон зай, цаг хугацааны үйлчлэлээр хоёр хуваагдана.

1.  Эдийн засгийн тогтвортой байдлын үед авч явуулах санхүүгийн бодлого

2.  Хямралын үед явуулж байгаа санхүүгийн бодлого

1.       Албан татварын бодлого

Санхүүгийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг нь албан татварын бодлого мөн. Энэ нь эдийн засгийн бодит секторын санхүүгийн байдлыг сайжруулахын тулд төр ба үйлдвэрлэгчдийн хооронд татвар оногдуулалтын оновчтой нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Дэвшүүлсэн зорилт нь:

·         Татварын баазыг оновчтой болгох зорилтоор албан татварын эрх зүйн үндэслэлийг боловсронгуй болгох

·        Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хянан үзэх

·        Татвар төлөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх

·        Татварын зохион байгуулалтыг оновчтой болгох

2.    Төсвийн бодлого

            Төсвийн бодлогын гол зорилго нь төсвийн хямралыг бууруулахад чиглэгдэж байдаг. Үүний тулд:

1.    Төлбөрийн балансын тэнцвэрийг хангах зорилгоор экспортын болон импортын татварын үр нөлөөтэй систем нэвтрүүлэх

2.    Төрийн өмчийн үйлдвэрийн ноогдол ашгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч явуулах

3.    Засгийн газрын зорилтын хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, мөрдөх

4.    Тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний уялдаа холбоо, дарааллыг тогтоон мөрдөх

5.    Төсвийн байгууллагын зардал, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх гэх мэт зорилтыг дэвшүүлж ажиллах ёстой.

3.    Мөнгө, зээлийн бодлого

            Мөнгө, зээлийн бодлого нь банкны системийн хямрал, банкинд итгэх итгэлийг сэргээх, хүн амын хадгаламжийн зохион байгуулалтыг урамшуулахад чиглэгддэг. Үүнд:

ь  Банкны системийн шинэчлэлт

ь  Банкны шалгуур үзүүлэлтийн байдалд хяналт тавих

ь  Ханшны хэлбэлзлийг багасгах

ь  Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтдаг.

4.      Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлтийн бодлого

           Санхүүгийн бодлого хэрэгжүүлэхэд бүтцийн шинжтэй өөрчлөн байгуулалт нилээд чухал үүрэгтэй. Энэхүү бодлого нь дараах бодлогуудад чиглэгдэж байдаг.

*       Хугацаа хэтэрсэн төтвөрын өрийг хөрөнгөжүүлэх замаар төрийн мэдлийн хувьцаа бий болгох

*       Улсын мэдлийн хувьцааны удирдлагын эрх мэдлийг шилжүүлэх

*       Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлд хамруулах, баталгаажуулах

*        

 

 

 

 

 

Сэдэв 3

Монгол улсын төсөв

1.    Улсын төсвийн мөн чанар, ач холбогдол

2.    Төсвийн систем

3.    Төсвийн процесс

1. Улсын төсвийн мөн чанар, ач холбогдол

            Улсын төсөв нь төрийн санхүүгийн гол бүрэлдэхүүн хэсэг. Төр өөрийн үүргээ биелүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөөг улсын төсөв гэнэ.

Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрднэ. Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах төсвийн хэсгийг Улсын төвлөрсөн төсөв, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах төсвийн хэсгийг орон нутгийн төсөв гэнэ. Улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүнд төрөл бүрийн тусгай зориулалттай сангууд ордог бол орон нутгийн төсөвт аймаг нийслэлийн болон сум дүүргийн төсвүүд ордог.  Эдгээрийг бүхэлд нь улсын төсвийн систем гэж нэрлэдэг. 

Төсвийн хөрөнгө нь хувийн секторынхон хэрэгжүүлж чадахааргүй болон хэрэгжүүлэхийг сонирхдоггүй нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй салбаруудыг санхүүжүүлэхэд болон тэдний алдагдлыг нөхөхөд чиглэгддэг. Ж нь, батлан хамгаалах, шуудан холбоо, зам тээвэр г.м. Төсөв нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд тодорхой үүргүүдийг гүйцэтгэж байдаг. Үүнд:

1.    Төрийн оршин тогтнох үндэс болсон мөнгөн хөрөнгийн нөөцийг төвлөрүүлдэг.

2.    Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтвортой байлгах

3.    Орлогыг хуваарилах

4.    Хяналтын үүрэг.

            Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч гэж ангилна:

1.    Төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилан зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн ерөнхийлөн захирагч гэнэ. Улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагч нь Засгийн газар, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байна;

2.    Харьяа төсөвт байгууллагын төсвийн хөрөнгийг хуваарилан зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн төвлөрүүлэн захирагч гэнэ.

3.    Төсвийн хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн шууд захирагч гэнэ;

2. Төсвийн систем

Тухайн улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа бүх шатны төсвүүдийн нэгдлийг төсвийн систем гэдэг. Жнь: улсын төсөв, орон нутгийн төсөв гэх мэт. Төсвийн систем нь дараах үндсэн зарчмын дагуу зохион байгуулагддаг. Үүнд:

1.    Нэгдмэл байх. Энэ нь бүх төсвүүд нь хоорондоо уялдаа холбоотой адил чанартай байхыг хэлнэ .

2.     Бие даасан байх. Энэ нь төсөв болгон өөрийн мэдэлд орж ирсэн орлогыг бие даан  захиран зарцуулах эрхтэй гэсэн үг 

3.     Иж бүрэн байх. ӨХ бүхий л орлого зардлыг бүрэн хамарч төсөвт тусгасан байх шаардлагатай.

4.    Ил тод байх зарчим. Төсвийн төслийн хэлэлцүүлэг, түүнийг хянаж хэлэлцэх болон төсвийн гүйцэтгэл нь бүх нийтэд нээлттэй, хэвлэл мэдээллээр чөлөөтэй нэвтэрдэг байх ёстой.

5.    Төрөлжсөн байх зарчим. Энэ зарчим нь бүх шатны төсвийн орлогын эх үүсвэр болон зардлын зориулалт тодорхой бөгөөд нарийн зааглагдсан байна гэсэн үг юм.  

Төсвийн системийн эдгээр зарчмууд нь харилцан уялдаатай бөгөөд бие биенээ нөхөн хангах үүрэг хүлээдэг.

Төсвийг санхүүжилтын эх үүсвэр болон зориулалтаас нь хамааруулаад урсгал төсөв, хөрөнгийн төсөв гэж 2 хуваадаг. Урсгал төсөв нь татварын орлогоор санхүүжигддэг бөгөөд цаг үеийн зардлыг агуулсан үндсэн төсөв юм. Харин гадаад дотоод зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтанд зориулагдах төсвийг хөрөнгийн төсөв гэнэ. Хөрөнгийн төсвийн онцлог нь :

1.    Түүний орлогын эх үүсвэрт гадаад дотоодын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төслүүд ордог бөгөөд уг төсвөөс үйлдвэр, барилга, цахилгаан станц, зам холбоо гэх мэт хөрөнгө оруулалтын шинжтэй зардлыг санхүүжүүүлдэг.

2.    Түүний зарцуулалтын үр дүнд тэр хэмжээний шинэ хөрөнгө бий болдогт оршино.

3. Төсвийн процесс

            Төрийн эрх барих удирдах байгууллагын зүгээс төсвийн төсөл зохиохоос эхлээд түүний гүйцэтгэлийн тайланг гаргах хүртэлх системтэй үйл ажиллагааг төсвийн процесс гэнэ. Төсвийн процесс нь шат дараалсан дараах арга хэмжээнүүдийг өөртөө багтаадаг. Үүнд:

1.    Төсвийн төсөл зохиох

2.    Төслийг хэлэлцэх ба хянах

3.    Төсвийн төслийг батлах

4.    Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах болон хяналт тавих

5.    Төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах

6.    Тайланг хэлэлцэж батлах зэрэг үйл ажиллагаа орно.

Төсвийн хөрөнгийг бүрдүүлэх, ашиглахтай холбоотойгоор төр болон ААНБ, иргэдийн хооронд үүсч байгаа мөнгөн харилцааг төсвийн харилцаа гэнэ.

1. Төсвийн төсөл зохиох: Төсвийн төслийг зохиохдоо хууль тогтоомж, эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авах арга хэмжээ, төсвийн норм, норматив, үнэ, тариф болон бусад оронтой зээл, тусламжийн талаар байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг үндэс болгоно.

Зээлийг эргүүлж төлөх баталгааг Засгийн газрын зөвшөөрснөөр Сангийн сайд гаргана. Төсвөөс нэмэгдэл санхүүжилт шаардагдах гэрээ хэлэлцээрийг зөвхөн Сангийн сайдын зөвшөөрснөөр байгуулна.

Төсвийн төсөлд төсвийн нийт орлого, нийт зарлага, төсвийн нийт алдагдлын ерөнхий хэмжээ болон алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, төсвийн жил дэх улсын өрийн дээд хэмжээ, улсын гадаад дотоод зээлийн хэмжээ зэргийг тусгасан байна. Эдгээрээс гадна төрөл бүрийн хөнгөлөлтийн улмаас үүсэх алдагдлын хэмжээ, улсын өрийг төлөхөд шаардагдах хөрөнгийн хэмжээ, бусад оронтой зээл тусламжийн талаар байгуулсан гэрээ, төсөвт тусгагдаагүй зардал зэргийг төсөл зохиохдоо анхаарах шаардлагатай.

Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд дараа жилийн санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг зохиож жил бүрийн 7 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад ирүүлнэ.

Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч тухайн шатны төсвийн төслийг хянан нэгтгэж жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ.

Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч сум, дүүргийн төсвийн төсөл, өөрийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг хянан нэгтгэж аймаг, нийслэлийн төсвийн төслийг боловсруулан жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ.

Төвлөрүүлэн захирагч харъяа байгууллагын төсвийн төслийг хянан нэгтгэж жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ.

Засгийн газрын тусгай зориулалтын сангийн орлого, зарлагын төслийг Засгийн газраас томилсон байгууллага энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд Сангийн яаманд ирүүлнэ.

Санхүүгийн төлөвлөгөө, төсвийн төслийг тогтоосон хугацаанд зохиож ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын төсөвт төлөх орлого, тэдгээрт төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчдаас төлөвлөн тооцож төсвийн төсөлд тусгах бөгөөд энэ талаар гарсан маргааныг ерөнхийлөн захирагч хариуцахгүй.

Сангийн яам аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчдаас зохиож ирүүлсэн төсвийн төслийг хянаж, улсын төвлөрсөн төсвийн төсөл, улсын төвлөрсөн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт өгөх татаас, санхүүгийн тусламж дэмжлэгийн талаархи саналын хамт жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт оруулна.

Засгийн газар Сангийн яамнаас оруулсан улсын төвлөрсөн төсвийн төслийг хянан хэлэлцэж, авах арга хэмжээний санал, хуулийн төсөл болон холбогдох судалгаа, материалын хамт 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

 

 

 

 

 

 


Сэдэв 4

Монгол улсын төсвийн орлого

1.    Төсвийн орлогын тухай ойлголт, ангилал

2.    Төсвийн орлогын төлөвлөлт

1. Төсвийн орлогын тухай ойлголт, ангилал

            Төсвийн орлого гэдэг бол төр өөрийн үүргүүдийг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай санхүүгийн нөөцийн төвлөрсөн хэсгийг хэлнэ. Улсын төсвийн орлогыг:

·      Улсын төвлөрсөн төсвийн орлого

·      Орон нутгийн төсвийн орлого гэж 2 хувааж үздэг.

Төсвийн орлого нь 2 хэсгээс бүрдэнэ.

1.    Татварын орлого

2.    Татварын бус орлого

Татварын орлогод:

1. Орлогын албан татвар. Үүнд:

·         ААНОАТ

·         ХХОАТ

2. Бараа үйлчилгээний татвар. Үүнд:

·         Онцгой албан татвар

·         Нэмэгдсэн өртгийн татвар

3. Өмчийн татвар. Үүнд:

·         Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

·         Өв залгамжлалын албан татвар

·         Бууны албан татвар

·         Эд хөрөнгийн татвар

4. Байгалийн баялагийн нөөц ашиглалтын төлбөр

·         Ашигт малтмал ашигласны татвар

·         Улсын нөөцийн төлбөр

·         Газрын төлбөр

·         Рашаан ашигласны төлбөр

·         Түгээмэл тархалттай ашигт малтмал ашигласны төлбөр

·         Хэрэглээний модны хураамж

5. Гадаад худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа

·         Гаалийн татвар

·         Гаалийн хураамж

6. Бусад татвар, хураамж

·         Тэмдэгтийн хураамж

·         Төсвийн гадуурх фондын шимтгэл

·         Зам, тээврийн хэрэгслийн хураамж

Татварын бус орлого

Татварын бус орлогын ихэнх төрлүүд нь төсвийг бүрдүүлэх байнгын шинж чанаргүй, өөрөөр хэлбэл тогтмол бус, тогтсон хувь хэмжээгүй байдаг. Татварын бус орлого нь бусад орлогуудын адил хатуу төлөвлөгддөггүй ч өнгөрсөн жилийн орлого орж ирсэн байдлаар төлөвлөгддөг.

            Татварын бус орлого нь дараах төрлүүдтэй.

1.    Төрийн өмчийн үйлдвэрийн газар байгууллагуудын орлого

·         Төрийн өмчийг ашиглуулснаас орох орлого /түрээсийн орлого/

·         Төрийн өмчлөлд байгаа хувьцаанаас олох ашиг

·         Төрийн өмчөөс олох ашиг

·         Төсвийн түр хугацааанд сул чөлөөтэй байгаа хөрөнгийг банк, зээлийн байгууллагуудад байршуулснаас олох хүүгийн өр

·         Төв банкны ашиг

·         Бусад өрүүд

2.    Хүү, торгуулийн орлогууд

3.    Төрийн эзэмшилд байсан нөөцийг борлуулснаас олох орлого

4.    Навигацийн орлого /агаарын зам ашигласны орлого/

5.    Газрын тосны орлого

6.    Бусад орлого /тусгай сангуудын/

            Эдгээр татварын бус орлогуудыг шинж чанараар нь дараах байдлаар ангилдаг. 

1.   Аль түвшний төсөвт орж байгаагаас нь шалтгаалаад

·         Төвлөрсөн төсвийн татварын бус орлого

·         Орон нутгийн төсвийн татварын бус орлого

2.   Орлогыг бүрдүүлэх, татан төвлөрүүлэх аргаас нь шалтгаалаад

·         Зайлшгүй

·         Сайн дурын

3.   Төлбөрийг ногдуулах үндэслэлээс нь шалтгаалан

·         Төрийн нөөцийг борлуулсны орлого

·         Төрийн өмчлөлд байгаа хувьцааг борлуулсаны орлого гэх мэт ангилдаг.

2. Төсвийн орлогын төлөвлөлт

Төсвийн орлогыг төлөвлөх үйл ажиллагаа үндсэн 3 чиглэлтэй.

1.    Татан төвлөрүүлэх бүх төрлийн орлогын нийт хэмжээг урьдчилан тооцох

2.    Төсвийн системийн бүх түвшинд орлогыг хуваарилах

3.    Бусад сангийн орлогын тусламжтайгаар татаас үзүүлэх хүрээнд дээд доод түвшний төсвүүдийн харилцааг тодорхойлох

            Төсвийн орлогыг бүрдүүлэх гол алхам бол татварын орлогыг урьдчилан тооцох ажил юм. Татварын орлогыг төлөвлөхдөө Сангийн яам нь ҮТЕГ-тай хамтран ажиллана. ҮТЕГ нь ирэх жилийн төсвийн орлогыг төлөвлөх ажлын урьдач нөхцөл болгон тухайн тайлант хугацааны үеийн татварын болоод бусад орлогуудын талаар ерөнхий мэдээллийг Сангийн яаманд өгнө. ҮТЕГ нь дээрх орлогын мэдээллийг нийслэл, аймгийн татварын газраас авах ба эдгээр нь өөрсдийн сум дүүргийн татварын албадаас цуглуулна.

            Сангийн яам нь ирэх жилийн орлогын хэмжээг тодорхойлох, эдийн засгийн үзүүлэлтүүдийн прогнозыг гаргана.

            Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд:

·       ҮНБ-ний хэмжээ

·       Нийт мөнгөний хэмжээг тодорхойлох үзүүлэлтүүд

·       Аж ахуйн нэгжүүдэд бий болох ашиг орлогын хэмжээг тодорхойлох

·       Хөдөлмөрийн хөлсний сангийн хэмжээ гэх мэт үзүүлэлтүүд ордог.

            Эдгээр үзүүлэлтүүдэд үндэслэн төсвийн орлогын хэмжээг урьдчилсан байдлаар гаргана. Мөн төсвийн орлогыг төлөвлөхдөө тухайн жилд татварын хувь хэмжээнд гарсан өөрчлөлт, хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг судална.

 

 

 

 

 

 


Сэдэв 5

Улсын төсвийн зарлага

            Төсвийн зарлага гэдэг бол төр өөрийн үүргийг биелүүлэх явцад гарч байгаа зардлууд юм. Эдгээр зардлууд нь мөнгөн хөрөнгийн төвлөрүүлсөн санг янз бүрийн чиглэл, зорилготойгоор ашиглах явцад үүсдэг эдийн засгийн харилцааг илэрхийлнэ.

Төсвийн зарлага нь чанарын болон тоон шинжийг агуулдаг. Тоон үзүүлэлт нь зардлын гарах тоо хэмжээг заадаг бол чанарын үзүүүлэлт нь тухайн зарлагын эдийн засгийн үр ашгийг илэрхийлдэг. Тухайн улсын төрийн бодлого, үйл ажиллагааны орчин, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны онцлог зэргээс хамаараад төсвийн зарлагыг хэд хэдэн чиглэлээр ангилдаг.

            Төсвийн зардлыг ерөнхийд нь:

·      Эдийн засгийн

·      Зориулалтын гэсэн 2 шинжээр нь ангилдаг.

Улсын төсвийн зарлагын эдийн засгийн ангилал

Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал нь төрийн мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг эдийн засгийнх нь агуулга талаас түүний хуваарилалтын чиг хандлагад үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт хийх зорилгыг агуулна. Өөрөөр хэлбэл, төсөвт хуримтлуулах хөрөнгийг өдөр тутмын хэрэглээнд ашиглах уу, эсвэл нийгмийн цаашдын өсөлт, хөгжилтөд шаардагдах зардалд илүүтэй анхаарал тавьж, түүнд түлхүү хуваарилах уу гэдгийг тодорхойлоход оршино.

            Төсвийн зарлагыг эдийн засгийн агуулгаар нь:

1.   Урсгал зардал

2.   Хөрөнгийн зардал гэж 2 ангилна.

            Урсгал зардалд төсвийг захиран зарцуулах хуулийн этгээдүүдийн усгал хэрэглээг санхүүжүүлэхэд төсвийн хөрөнгийг олгохтой холбогдсон зардлын хэсэг орно. Өөрөөр хэлбэл дахин ашиглагдахгүй, нэг удаа зарцуулаад өнгөрөх, өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, тогтмол гарах зардлыг урсгал зардал гэнэ. Үүнд:

1.   Улсын хэрэглээний зардлууд. Үүнд төрийн өмчийн байгууллагуудыг санхүүжүүлэхэд гарах зардлууд орно.

2.   Төрийн доод түвшинд байгаа эрх бүхий байгууллага, улсын болоод хувийн байгууллагуудад олгох мөнгөн тусламж

3.   Тээврийн хэрэгслийн төлбөрүүд

4.   Улсын зээлийн хүүг олгоход зарцуулах зардал

5.   Бусад зардал

            Төсвийн урсгал зардлыг бууруулж чадсанаар зарлагын идэвхтэй хэсэг буюу нийгмийн цаашдын хөгжлийг тодорхойлогч хөрөнгийн зардалд илүүтэй анхаарах боломжтой болно.

            Хөрөнгийн зардал. Хөрөнгийн зардал гэдэг бол үндсэн хөрөнгө ба нөөцийн өсөлтөд оруулахтай холбогдон гарсан зардал юм. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөөр санхүүжигддэг, үндсэн капиталыг өсгөх гэх мэт эргээд үр өгөөж авчрах зүйлд зарцуулагддаг зардлыг хөрөнгийн зардал гэнэ.  Хөрөнгийн зардалд:

1.   Төсвийн хөрөнгөөс аж ахуйн янз бүрийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын зардал

2.   Урт хугацааны төсвийн зээл

3.   Улсын нөөц бүрдүүлэх зардал

4.   Газар, биет бус зүйлсийн зардал

5.   Хөрөнгийн шилжүүлэг гэх мэт зардлууд орно.

Улсын төсвийн зардлын зориулалтын ангилал

Улсын төсвийн зарлагыг зориулалтаар нь:

1.   Нийтийн ерөнхий үйлчилгээ

2.   Нийгмийн чанартай үйлчилгээний зардал гэж 2 ангилдаг.

    Нийтийн ерөнхий үйлчилгээний зардалд:

1.   Хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын зардал

2.   Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын болон ИТХ-ын зардал

3.   Санхүү, татварын үйл ажиллагааны зардал

4.   Гадаад орнуудын эдийн засгийн тусламжийн зардал

5.   Суурь шинжлэх ухааны үйл ажиллагааны зардал

6.   Нийтийн ерөнхий бусад үйлчилгээ

·         Төлөвлөлт, статистикийн байгууллагын зардал

·         Батлан хамгаалах байгууллагын үйл ажиллагааны зардал

·         Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зардал

·         Үндсэн хууль, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал

Нийгмийн чанартай үйлчилгээний зардалд:

1.   Боловсролын үйл ажиллагааны зардал

2.   Сургуулийн өмнөх болон анхан шатны боловсрол

3.   Эрүүл мэндийн үйл ажиллагааны зардлууд

4.   Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардал

5.   Ариун цэвэр хүрээлэн байгаа орчныг хамгаалах үйл ажиллагааны зардал

6.   Амралт, спорт, соёл урлагийн үйл ажиллагааны зардал

7.   Мэдээллийн үйл ажиллагааны зардал

8.   эрчим хүч ба дулаан хангамжийн үйл ажиллагааны зардал

9.   ХАА, ойн аж ахуйн үйл ажиллагааны зардал

10. Ашигт малтмалын нөөцийн хайгуул, уул уурхайн үйлдвэр, барилгын үйл ажиллагаа

11.Тээвэр, холбооны үйл ажиллагаа

12. Ангилагдаагүй бусад зардал

            Зориулалтын зардлуудыг санхүүжүүлэхэд үүсдэг нэг асуудал бол өндөр хурдацтай инфляцийн нөхцөлд зардалд зориулсан хөрөнгө үнэ ханшгүй болохоос хамгаалах явдал байдаг. Ингэж зардлын санхүүжилтийг инфляцийг тооцож нэмэгдэлтэйгээр гаргаж ирэх нь нэг талаас төсвийн санхүүжилтийг хүргэгч талуудын үйл ажиллагаа саадгүй явуулах бололцоог хангах хэдий ч нөгөө талаас инфляцийг улам хөөрөгдүүлдэг. 

            Төсвийн санхүүжилтийг зүй зохистой зохион байгуулахын тулд дараах зарчмыг баримтлах шаардлагатай.

1.   Хамгийн бага зардлаар хамгийн их үр ашиг олох, төсвийн зардлыг ашигласнаар хамгийн их үр дүнд хүрэх нөхцөлд л олгох ёстой.

2.   Төсвийн төлөвлөсөн хөрөнгийн зорилтот шинж чанартайгаар ашиглах

3.   Үйлдвэрлэлийн болон бусад үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийн хэмжээ, мөн өмнө нь төлөвлөөд олгосон мөнгөний ашиглалтыг тооцсоноор төсвийн хөрөнгийг олгох

4.   Төсвийн буцалтгүй санхүүжилтийн зарчим. ААН-үүдэд төсвөөс санхүүжилт хийхдээ буцаан өгөхгүй байж  

 

 

 

Сэдэв 6

Төсвийн алдагдал

            Аль ч улсад эдийн засгийн тогтворжилтыг тодорхойлох макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн нэг нь төсвийн алдагдал юм.

            Тухайн улсын Засгийн газрын мэдэлд байгаа мөнгөн хөрөнгийн сан нь нийгэм, эдийн засгийн салбаруудад хийсэн санхүүжилтээ гүйцэж чадахгүй тохиолдолд төсвийн алдагдал үүснэ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал гэдэг нь улсын төсвийн зарлага нь орлогоосоо давах үзэгдэл юм.

            Төсвийн алдагдал нь дараах 2 шалтгааны улмаас үүснэ.

1.   Төсвийн орлого буурснаас

2.   Төсвийн зарлага нэмэгдсэнээс

            Улсын төсвийн алдагдал нь ҮНБ-нийхээ 3 хүртэлх хувьтай тэнцэж байвал үүнийг улс орны эдийн засагт хүндрэлтэй биш гэж үзээд хэвийн төсөв гэж нэрлэх бөгөөд харин энэ хэмжээнээс давбал мөнгө зээлийн тогтолцоо болон эдийн засагт бүхэлдээ сөрөг үр дагавартай. 

            Төсвийн алдагдлыг удирдах нь

            Төсвийн алдагдлыг дараах байдлаар удирдана. Үүнд:

1.   Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн санхүүгийн тодорхой хөтөлбөр боловсруулах. Мөнгөн тогтвортой байна гэдэг нь эдийн засгийн сэргэлтийн үндэс юм. Байнгын өсч буй, хяналт тавьж боломгүй инфляцийн нөхцөлд үйлдвэрлэлийн хөгжлийн хэвийн түвшин хангагдаж чадахгүйгээс гадна  хүн амын амьдралын түвшин өсөхгүй. Яагаад гэвэл инфляци нь хуримтлалыг устгаж, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг алдагдуулж, баян хоосны ялгааг улам нэмэгдүүлдэг.

2.   Төсвийн алдагдлыг хаах үр дүнтэй эх үүсвэрийг хайх. Үүнд:

·         Төсвийн алдагдлыг бий болгоход нөлөөлж буй эдийн засгийн нөхцөл байдалд хяналт тавих

·         Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг улс байгууллагуудын санхүүжилтыг хорогдуулах

·         Цэрэг батлан хамгаалах зардлыг хорогдуулах

·         Төсвийн зарлагыг бууруулах гэх мэт.

 

 

            Төсвийн алдагдлыг бууруулах арга

1.   Эмиссийн арга. Энэ нь цаасан мөнгө гүйлгээнд нэмж гаргах арга бөгөөд төсвийн зарлагыг санхүүжүүлэх нэг эх үүсвэр юм. Энэ арга нь маш энгийн мэт боловч инфляцийн түвшинг хөөрөгдөх аюултай байдаг. Эмисси нь дотроо 2 янз байдаг.

1.    Бэлэн мөнгөний эмисси.

2.    Зээлийн эмисси. 

2.   Таналтын арга. Өөрөөр хэлбэл төсвөөс гуйсан бүхэнд толгой дараалан мөнгө өгөхөө болих, гэхдээ зориулалтын санхүүжилтийг ядуурал болон төсвийн дэмжлэг бүхий бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай бүсүүдэд нь хэвээр үлдээх нь зүйтэй юм.

3.   Хувьчлал. Энэ нь улс өөрийнхөө мэдлийн хөрөнгө, үйлдвэрийн газруудыг хувь хүнд худалдах үйл явц юм. Жишээ нь манай орны хувьд 1997 оны өмч хувьчлалын үр дүнд их хэмжээний мөнгө улсын төсөвт орсон.

4.   Удирдлагын зардалд хяналт тавих

5.   Эдийн засгийн шинэчлэл хийх зэрэг замаар бууруулж болно. Төсвийн алдагдлыг бууруулах, зохистой түвшинд барих чиглэлээр төсвийн шинэчлэлийг хийдэг. Мөн энэ шинэчлэл нь татварын шинэ тогтолцоог бий болгоно.

 

 


 

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Баярлалаа
бичсэн Зочин цаг: 12:36, 2018-01-26 | Холбоос | |



:-)
 
xaax